Genghis Khan Chapter 1
Чингис (1162-1227) хаан эхлээд овог аймгаа, дараа нь угсаатнаа, эцэст нь дайснуудаа цэгцэлсэн бөгөөд ямар ч хаадын түүхийг судалж үзэхэд Чингис хааны түүх шиг агуу түүх байхгүй бөгөөд дэлхий ертөнцийг эргүүлсэн түүх байсан хэмээн ихэнх судлаачид санал нэгддэг билээ. Монголчуудын өвөг Бөрт чоно, Гуа маралын XII үеийн удам Алунгуа хатан бөгөөд Алунгуа хатны X үе нь Тэмүжин юм. 1189 онд Тэмүжинийг Хамаг Монголын хаан ширээнд залж, “Чингис” гэдэг цол олгожээ. Чингис гэдэг нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн утгатай хэмээн тайлбарладаг. Чингис хаан бүх монголыг нэгтгэхийн тулд 16 жилийг зориулж, эцэст нь 1206 онд Их Монгол Улсыг байгуулан Онон мөрний хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр Есөн манжлагат цагаан сүлд, Дөрвөн манжлагат хар сүлдийг Улсын сүлд болгон тахижээ. Төрийн хэрэгт оролцох эрх бүхий 4 хатан, тэдгээр хатдаас төрсөн хүүхдүүд, үр удмыг нь түүхэнд Алтан ураг гэж нэрлэдэг. Чингис хааны их хатан Бөртэ Үжин 4 хүү, 3 охин төрүүлсэн бөгөөд тэдгээр дөрвөн хүү, тэдний үр ач нар нь 1634 он хүртэл Монголыг захирсан юм. Чингис хаан эзэлсэн улс орныхоо сайныг нь улам сайжруулан батжуулж, мууг нь хаядаг сэтгэлгээний сонголт хурдан хүн байжээ. Найман аймгаас олзолсон тамганы түшмэл Тататунгад даалган 1206 онд Төрийн хасбуу тамгыг хийлгэжээ. Гадаад улс орнуудаас тухайн үед нэрд гарсан эрдэм номтой хүмүүсийг ирүүлж төрөл бүрийн сэдвээр ярилцдаг байжээ. Тухайлбал, Чан Чун Бумбо хэмээх өвгөн хуврагийг олон удаа залж байж уулзсан байдаг. Тийм ч учраас Чингис хаан насан өөд болохоосоо 8, 9 жилийн өмнө бүх зүйлийг шийдэж өөрөөс нь хойш улс орноо хэрхэн яаж авч явах талаар урьдчилан заавар зөвлөлгөөгөө үлдээж чадсан юм. Чингис хаан одоогийн Хэнтий аймагт Онон голын ойролцоо Дэлүүн болдог хэмээх газар 1162 онд төрөөд, 44 насандаа Их Монгол Улсыг байгуулж, 1227 онд 65 насандаа таалал төгсчээ. Чингис хааныг нас барахад эх нутгийнх нь хөрсөнд нутаглуулж, нойрсож буй газрыг хамруулан хэдэн зуун км газрыг дархалжээ. Эл бүсийг дайчин овог сахин хамгаалж Алтан ургийнхнаас өөр хэнийг ч нэвтрүүлэхгүйгээр Их хориг хэмээн нэрлэснээс хойш 800 жил хаалттай байж, тэнд ан ав хийх, мод огтлох, чулуу хөдөлгөх, жим мөр гаргах, байшин сүм барих, аялал хийх, зам гүүр тавих зэрэг бүгд хориотой байв. Бүсгүй хүн Бурхан халдун уул харагдахаар ойрхон очиж болдоггүй, эрчүүд хажууд нь архи дарс уух, чангаар ярих, хайрханы нэрийг хэлэх зэрэг нь хориотой байв. ЧИНГИС ХААНЫ ХИЙСЭН ДАЙН БА ШАЛТГААН: 1211–1227 оны хооронд Чингис хаан олон том, жижиг дайн тулааныг хийж удирджээ. Тэдгээрийн дотор өвөг дээдэс Амбагай хаан болон эцэг Есүхэйн өшөөг авах гэж татаруудтай хийсэн дайн, хатан Бөртэ Үжингээ буцааж авах гэж эхлүүлсэн мэргидүүдтэй хийсэн дайн, Жамуха андтай зөрчилдсөнөөс үүдсэн тал нутгийн олон овог болон Хэрэйд аймагтай хийсэн дайн, бүхий л дайснуудыг нь ивээлдээ авч хүчирхэгжиж байсан Найман аймагтай хийсэн дайн, тал нутгийн олон нүүдэлчин аймгуудыг байнга яс хаяж эвдрэлцүүлж байдаг Зүрчидийн Алтан улсын эсрэг хийсэн дайн, 450 энгийн номхон худалдаачдынхаа алуулсан өшөөг авахаар мордсон Хорезмын Султантай хийсэн дайн, амлалтаасаа буцаж элдэв үгээр хэлж байсан Тангудын хаанаас хариу авахаар хийсэн дайн гэх мэт олон дайн байлдааныг дурдаж болох билээ. Аажмаар өсөн дэвжиж байсан Тэмүжин 1196 онд өөрийн хүчинд тулгуурлан Татар аймагтай дайтаж ялалт байгуулжээ. Хамаг Монголын хаан Амбагай ургийн хэргээр Татар иргэнд хүрэлцэн ирэхэд татарчууд түүнийг барьж Алтан улсын хаанд хүргэжээ. Амбагай хааныг олны нүдэн дээр модон илжгэнд цовдолж тамлан хороожээ. Тэр амьсгал хураахын өмнө “Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” хэмээн хойч үедээ захисан гэдэг. Өвөг дээдсийнхээ эл өшөөг авах гэж монголчууд дөрвөн үеийн турш тэмцэж ирсэн бөгөөд эцэст нь Тэмүжин татарчуудыг даржээ. Тэмүжин удаан хугацааны өстөн байсан тэднийг хэрхэн шийтгэх талаар Их хуралдайгаар хэлэлцүүлэн эмс, хүүхдүүдийг нь монгол аймгуудад тарааж, нас бие гүйцсэн эрчүүдийг нь хөнөөх шийдвэр гаргасан. Тэмүжин Шихихутаг хэмээх нэгэн хүүг үрчилж аван Өүлэн эхдээ өгөөд, Есүгэн, Есүй хэмээх эгч дүү хоёр татар бүсгүйг хатнаа болгожээ. Хэрэйдийн Ван хан Тоорил, Тэмүжин хоёр эцэг хүүгийн харилцаатай байсан боловч эцсийн эцэст эл харилцаа эвдэгдсэн билээ. Хамаг Монгол аймгийг тархай бутархай байсан үед Ван хан Тоорил нэлээд хүчирхэг байсан юм. Урьд цагт Татартай өшөөтэй байхад нь Тэмүжиний эцэг Есүхэй тусалж байсан ач тусыг бодож мэргидтэй дайтахад нь Тэмүжинд тусалснаар тэр хоёрын хуурай эцэг хүүгийн харилцаа эхэлжээ. Хожим Ван ханы хүү Сэнгүм, Жамухатай хуйвалдан яс хаяж тэр хоёрыг эвдрэлцүүлсэн билээ. Тэмүжин ууган хүү Зүчидээ Ван ханы охиныг гуйсан боловч Сэнгүмийн ятгалгаар татгалзсан тул тэдний дунд хагарал үүсч Монгол аймаг Хэрэйд аймагтай дайтах шалтгаан болжээ. Энэ дайнд Хэрэйд аймаг ялагдан Ван хан Тоорил Найманы харуулын цэрэгт хороолгож, хүү Сэнгүм нь зугтан явсаар Тэнгэр уулын орчимд очиж нас барсан ажээ.
(Комик юм чинь мэдээж үгнүүдийн бичнэ үгийн бичихдээ монгол бичгээр хажууд нь кирилл ээр хөрвүүлүүл яаж байна)🤔
***Download NovelToon to enjoy a better reading experience!***
Comments